УЛИАС ДАГАЖ УЛААН ХАРШИЛ ИРЭХ НЭЭ!
Улиас мод гэхээр бид амруу орох шахам хөвөнцрүүдийг санадаг. Зуны цас оруулагч гэдгийг ч бид бас сайн мэднэ. Тэгвэл сүүлийн үед энэ нь тоосжилттой холбоотой харшлын нэг шалтгаан болж байгаатай харшилтай хүн бүр санал нэгдэх байх. Улаанбаатар хотын хэмжээнд ойролцоогоор 38,800–38,838 ширхэг улиас мод байна гэсэн тооцоо бий. (Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс улиас модны унгарилыг тусгай техникээр даралтад усаар шүршиж байна. Сэтгүүлч Янжиндулам Мягмарсүрэн| Humanz 2024 оны 06 сарын 12) Үүний 46.9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг.
Хөвөнцөр буюу улиасны унгарил бол ихэвчлэн 5-р сарын сүүлээс 6-р сарын эхэнд эм улиаснаас үүсэх модны үр (seed fluff) юм. Энэ үед л хот даяар “цагаан цас” шиг унгарил хөглөрч эхэлдэг. Гэхдээ энэ хөвөнцөр нь хүний биед харшил өдөөгч шинж чанаргүй байдаг байна. Магадгүй зарим хүмүүст хөвөнцрийн хөвсгөр ширхэг нь загатнуулах мэдрэмж төрүүлдэг байж болох хэдий ч хамрын харшлын гол өдөөгч нь тэрхүү хөвөнцрийн дамжих тоосонцрууд юм. Нэг үгээр хэлбэр эдгээр нь харшил “зөөвөрлөгчийн” үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.
УЛИАС МОД БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ?
Мэдээж хэрэгтэй улиас мод нь:
- Агаар цэвэршүүлэгч, хотын ногоон уушги л гэсэн үг
- Тоос тоосонцрыг сааруулна
- Хурдан ургадаг давуу талтай
- Хөрсийг хамгаалах гэх мэт хотын ногоон байгууламжид нэн хэрэгтэй ургамлын нэг юм.
ЯАГААД АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙНА ВЭ?
- Эм улиасыг хэт ихээр тарих. Энэ нь хэт их үр хаях нөхцөлийг бүрдүүлдэг байна
- Сургууль, эмнэлэг, орон сууц гээд эмзэг бүлэг байнга өртөх буруу байршилд тариалах.
- Улиас модыг дангаар нь нэг төрлөөр нь тариалах.
- Тарьсан модоо удаан хугацаанд арчлахгүй байх. Энэ нь маш их хэмжээний тоосыг хуримтлуулах сөрөг талтай.
ЗӨВ МЕНЕЖМЕНТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
✔ Эрэгтэй сортыг илүү тарих (хөвөн бага гарна)
✔ Холимог ногоон байгууламж бүрдүүлэх (олон төрөлт мод)
✔ Сургууль, эмнэлгээс зайтай төлөвлөх
✔ Тогтмол тайралт, арчилгаа хийх
Нийтлэлч: Хүний их эмч Э. Азхүү
